Зорилготой бизнесийн Лозанна тунхаг бичиг

 

Lausanne Business as Mission Manifesto

Лозанна 2004 форумын “Зорилготой бизнес” (Business As Mission, BAM)  ажлын хэсэг нь ажил, бизнесийн талбар дахь Бурханы зорилго, сүм чуулган болон илгээлтэд бизнес эрхлэгчдийн гүйцэтгэх үүрэг оролцоо, дэлхий дахины хэрэгцээ шаардлагад бизнесээр дамжуулж гаргах боломжит шийдэл зэрэг асуудлыг нэг жилийн турш судлан ажиллав. Тус ажлын хэсэгт бүх тивийн төлөөлөл болсон 70 гаруй гишүүн бий. Ихэнх нь бизнесийн салбарын хүмүүс бөгөөд сүм чуулганы удирдагчид, сурган хүмүүжүүлэгчид, теологчид, хуульчид, судлаачид мөн багтсан. Уг хамтын ажиллагааны үйл явцад 60 судалгааны ажил, 25 кейс судалгаа, үндэсний болон бүс нутгийн хэмжээний хэд хэдэн “Зорилготой бизнес” зөвлөгөөн, цахим шуудангаар явагдсан хэлэлцүүлэг, мөн долоо хоног үргэлжилсэн биечилсэн ярилцлага өрнөсөн ба дараах дүгнэлтэд хүрсэн болно.

 

Тунхаг

Бурхан хүн төрөлхтнийг өөрсдөдөө болон бусдад сайн сайхан зүйлс бүтээн үйлдэх бүтээлч чадвартайгаар Өөрийн дүр төрхийн дагуу бүтээсэн ба тэрхүү сайн сайхан зүйлсэд бизнес мөн багтана гэдэгт бид итгэдэг.

Уулзаж учирч байсан хүн бүрийн хэрэгцээг үргэлж, тууштай хангадаг Есүсийн замналыг даган Бурханы хайр ба Түүний хаанчлалыг үлгэрлэн амьдрах үйлсэд бид итгэдэг.

Бурханы хаанчлалыг гэрчлэн амьдарч, бусдад сүнсний болон бие махбодын хэрэгцээнд нь бодитой туслаж үйлчлэхэд Ариун Сүнс нь Христийн биеийн бүх гишүүдийг босгон байгуулдаг гэдэгт бид итгэдэг.

Бизнес эрхлэгчдийг хийж буй ажлаараа дамжуулан Хаанчлалд хувь нэмрээ оруулан өөрчлөлт авчрахад нь Бурхан тэднийг дуудаж, бэлтгэсэн гэдэгт бид итгэдэг.

Сайн мэдээ нь хувь хүн, хамт олон болон нийгмийг өөрчлөх хүчтэй бөгөөд бизнесийн талбарт байгаа итгэгчид өөрсдийн ажлаар дамжуулан уг цогц өөрчлөлтийн нэг хэсэг нь болох хэрэгтэй гэдэгт бид итгэдэг.

Есүсийн нэр бараг хүрээгүй, ойлгогдоогүй газар нутагт иэхвчлэн ядуурал, ажилгүйдэл их байдаг явдлыг бид хүлээн зөвшөөрдөг.

Бизнесийг хөгжүүлэх нэн их хэрэгцээ, ач холбогдол байгааг бид хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ энэ нь зөвхөн бизнестэй байх төдий зүйл биш бөгөөд Зорилготой бизнес гэдэг нь Бурханы хаанчлалын төлөөх хараа, зорилго, нөлөөлөлтэй бизнес байх явдал юм. 

Суурь дөрвөн талбар болох сүнслэг байдлын, эдийн засгийн, нийгмийн болон байгаль орчны хувьд өөрчлөлт авчрах хараа зорилготой бизнесүүд дэлхий дахинд олширч, ажлын байр бий болгох хэрэгцээ байгааг бид хүлээн зөвшөөрдөг. 

Дэлхий дээрх олон хэрэгцээг Христэч бизнесүүд хангаж чадах бөгөөд тэдгээр бизнесээр дамжуулан эдийн засгийн болон түүнээс ч далайцтай түвшинд Бурханыг алдаршуулах асар их, ашиглагдаагүй нөөц боломж даяар чуулганд бий гэдгийг бид хүлээн зөвшөөрөдөг.

 

Санал зөвлөмж

Дэлхийн өнцөг булан бүрт, бүх ард түмний дунд бизнес эрхлэгчид болон энтрепренерүүдийг өөрсдийн дуудлага, бэлэг авъяасаа олж илрүүлж, батжуулахад нь тэдний төлөө залбирч, үүрэг болгон томилож, чөлөөлөн илгээхийг бид даяар Чуулганд уриалж байна.

Дэлхий даяарх бизнес эрхлэгчдийг энэхүү тунхагыг хүлээн авч “Зорилготой бизнес”-ээр дамжуулан үндэстнүүдийн хамгийн тулгамдсан сүнслэг болон бие махбодийн хэрэгцээг хангахад өөрсдийн бэлэг авъяас, туршлагаа хэрхэн ашиглах талаар бодолцохыг уриалж байна.

 

Дүгнэлт

Зорилготой бизнесийн эцсийн зорилт нь ad maiorem Dei gloriam (AMDG) буюу Бурханы агуу алдарын төлөө байх юм. 

 
 
Previous
Previous

Бурхан эд баялгийн талаар юу гэж хэлдэг вэ?

Next
Next

Хямралын үед компаниа удирдан чиглүүлэх нь