Өсөлтийн сэтгэлгээ гэж юу вэ?

Өсөлтийн сэтгэлгээ гэж юу вэ? Энэ нь яагаад чухал вэ?

Өсөлтийн сэтгэлгээг энгийнээр тодорхойлбол энэ нь ердөө л бидний сэтгэлгээ аливаа шинэ харилцаа болон өөрийн бодол сэтгэхүйгээс өөр сэтгэлгээнд нээлттэй, уян хатан байхыг хэлж байгаа хэрэг юм. Өсөлтийн сэтгэхүй яагаад чухал вэ гэхээр, бид нэг зүйлийг ахин дахин хийгээд байхаар нэг газраа гацчихдаг. Өөрчлөлт хийх хэрэгтэй гэж хичнээн бодсон ч гэсэн чаддаггүй. Ингэснээр бид зорилгодоо хүрч чадахгүй болно, асуудлаа шийдэж чадахгүй болно. Ийм үед урам хугарч, сэтгэлээр унах үе байдаг. Харин өсөлтийн сэтгэхүй буюу мэдээлэл хүлээж авахдаа болон асуудлын шийдлийг олохдоо нээлттэй, уян хатан, бүтээлч байх нь амьдралд маш их тус болдог.

Өсөлтийн сэтгэхүй орчин үед  их түгээмэл ойлголт болоод байгаа. Дээрээс нь хүмүүс бүгд л харилцаандаа, ажил мэргэжилдээ, хувийн амьдралдаа байнга өсөлттэй, хөгжил дэвшилтэй байхыг хүсдэг. Тиймээс өсөхийг, өөрчлөгдөхийг хүснэ гэдэг нь угаасаа байгалиасаа өгөгдсөн зүйл билээ. Яг л хүүхдүүд хүнээр хэлүүлэлгүй өөрсдөө өсөж том болдог шиг өсөлтийн сэтгэхүйг хөгжүүлж өсгөх боломжтой.

 
 
 
 

Өсөлтийн сэтгэхүйг олох газар

Өсөлтийн сэтгэхүйг маш олон зүйлээс харж болно. Нэг талаараа шинэ санаа үзэл бодолд нээлттэй байх, нөгөө талаараа уян хатан, оролцоотой, хариуцлагатай байх. Тэгэхээр эдгээр гурвыг (уян хатан байдал, оролцоо, хариуцлагатай байдал) хүмүүстэй харилцахдаа хэрхэн ашиглах вэ? Жишээ нь танай багт гаднаас өөр гэрээт ажилтан орж ирээд, “Үүнийг ингээд хийчихвэл арай дээр юм байна, ингээд үзэх үү?” гэх мэт шинэ санаа гаргах үед заримдаа  хэцүү санагдаж хүлээн авахад хэцүү байдаг. Мөнгө байхгүй бол, нөөц бололцоо байхгүй бол, үүнийг хийхэд хэцүү гэх мэт шалтагууд гарч ирдэг. Тэр юмнууд л байхгүй бол бүтэхгүй гэсэн тогтсон үзэл бодлуудаас болж хойш суух нь элбэг. Тэгээд тэр хайрцагнаасаа гадуур бодож сэтгэж чадалгүй олон шинэ санаануудыг үхүүлэх нь даанч харамсалтай. Харин уян хатан бодол нь, “За үүнийг хийгээд үзвэл яах бол, өмнө нь хийж байсан алдаагаа дахин давтахгүйн тулд ингэж байсан юм чинь одоо тэгээд үзье!” гэж боддог. Тиймээс л бид их туршлагатай хүнээс зөвлөгөө авч тэдгээр хүмүүсийн зөвлөгөөг сонсч, сайн судалгаа хийж нээлттэй хаалга мэтээр аль болох бүтэх талаас нь авч үзэх нь хайрцагнаасаа гадуур алхан сэтгэж, үйлдэж байна гэсэн үг.  Ингэснээрээ бид илүү их боломжийг үүсгэж байдаг. Уян хатан байдал нь эргээд бидэнд шинэ замыг, үүд хаалгуудыг нээж өгдөг. 

 
 
 
 

Өсөлтийн сэтгэхүйн саад

Хүмүүсийн анзаарч хардаггүй нэг асуудал нь юу вэ гэхээр, аливаа зүйлийг хийхэд хүмүүст өөрсдөд нь тогтсон зарчим арга барил гэж байдаг ба шинэ санаа, цоо шинэ арга барил ороод ирэхээр тэдгээрийг хүлээж авахад их хэцүү болж ирдэг. Тэр шинэ санаа, үзэл бодол, арга барилууд өөрсдөд нь хэцүү санагдаж эхэлдэг. Олон хүмүүсийн санаа зовоогоод байдаг зүйл нь тэдгээр шинэ зүйлсийг асуудлаа гэж хараад байдаг. Хүмүүс өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч чаддаггүй, өөрсдийн үзэл бодол тогтсон зүйлдээ дасчихсан байдаг. Хүмүүс санаа бодол, үзэл бодолтойгоо мэддэг ч яг дотор нь юу болоод байгааг тэр бүр ойлгодоггүй.

 
 

Арга зам

Өөрчлөлт хийхийн тулд эхлээд өөрчлөлт хийхийг хүсэх хэрэгтэй. Ихэнхдээ бид бодолдоо өөрсдийгөө шүүмжлэх хандлагатай байдаг. Тэгэхээр энгийн аргуудын нэг нь хурдан шүүмжлэхээ болих. Бид юмыг их хойшлуулдаг. Үүнийг хүсээд байдаггүй ч дандаа л хойшлуулчихсан байдаг. Бид өөрсдийгөө үүн дээр дөрөөлөөд би их залхуу юм байна, би хэн нэгнийг энэ ажлыг хийгээд өгөөсэй гээд хүлээгээд байгаа юм байна гэж шүүдэг. Өсөлтийн сэтгэлгээг бий болгоход хааж байгаа нэг хаалт нь магадгүй бид дандаа шалтаг хайдаг, бусдаас буруугаа хайдаг байдал байх. “Хэрвээ тэд хийгээгүй бол би хийж чадахгүй, тэр хийгээгүй юм чинь би яахаараа хийдэг юм” гэх мэт бодлууд нь заримдаа эрүүл бус сэтгэлгээ байж болно, эсвэл заримдаа зүгээр сэтгэл хөдлөл байж болно, маш их сэтгэлээр унаж урам хугарч болно. Тэгэхээр эдгээр бодлууд бидэнд саад болоод байдаг хаалтууд гэдгийг харж ойлгох хэрэгтэй. Бидний сэтгэлгээ бусдыг яаж харахыг, бусадтай яаж харилцахыг тодорхойлоод байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хайртай хүмүүстэйгээ илүү нээлттэй байж, дотно, утга учиртай харилцаа холбоо үүсгэхэд энэ өсөлтийн сэтгэлгээ маш их ач холбогдолтой. Cэтгэлгээний шим тэжээл, зөв дэглэм гэдэг нь юу вэ гэвэл хайр юм. Хайр бол урамшуулах, хүлээн зөвшөөрөх, тэтгэж туслах. Бидний амьдралд эргэн тойронд эдгээрийг өгдөг хүмүүс байна уу? “Би илүү сайн хийх ёстой, би хамгийн сайнаараа хийх ёстой!” гэх мэт заримдаа бид өөрсөддөө их хатуу чанга байдаг. Хэрвээ хүссэн үр дүндээ хүрч чадахгүй бол өөрсдийгөө шийтгэж, шаналж зовдог. Энэ үед бидэнд бодит байдлыг харуулж хэлж өгдөг хүмүүс бидний амьдралд хэрэгтэй.

Сүүлд нь сониуч байх. Ази хүмүүсийн хувьд энэ нь тийм өгөгдмөл зүйл биш байдаг. Яагаад гэвэл бид ёс суртахууны өндөр зарчимтай хүмүүс. Юу зөв, буруу болохыг сайн ялгаж мэддэг. Гэхдээ хажуугаар нь амьрал зөвхөн хар цагаан биш гэдгийг ойлгох хэрэгтэй, саарал завсрын зүйлс, тодорхой бус зүйлүүд зөндөө байгаа. Тэгэхээр аливаа шүүж шүүмжлэхэээсээ өмнө эхлээд юу болоод байгааг ойлгож харах хэрэгтэй. Ажлаа хүссэн хэмжээндээ хийж чадаагүй бол өөртөө урам хугардаг энэ байдлаа түр болиод эхлээд өөрөөсөө асуулт асууж сурах хэрэгтэй. Хэрвээ бусдыг буруутгаад орилж хашхичаад байвал тухайн байдлаа анзаардаг байх хэрэгтэй. Нэг урамшуулах зүйл нь гэвэл хэдийн өсөлтийн сэтгэлгээ гэхээр маш хол алс юм шиг сонсогдож байгаа ч үнэндээ бол энэ бидний л дотор байдаг бодол гэдгийг ойлгох хэрэгтэй. Oюун санаа сэтгэлгээ гэдэг нь харилцаж байгаа хүмүүс, нөхцөл байдлаас хамаараад өөрчлөгдөж хувирч байдаг. Тэгвэл ингэж өөрчлөгдөж байгааг хэрхэн мэдэх вэ? Хэн ч хэлж чадахгүй, өөрөө олж мэдэх зүйл. Тиймээс өөрийгөө таньж мэдэх чадвар гэдэг бол маш чухал зүйл. Өөрийнхөө юу бодож байгааг, өөрийнхөө юу хйиж байгааг, мэдэрч байгааг анзаарч бодож тунгаахгүй бол тэр өөрчлөлтийг харж чадахгүй. 

 
 
 
Previous
Previous

UNLEASH SUMMIT 2021

Next
Next

Aspire LaunchPad хөтөлбөрийн анхны сургалт явагдлаа.