Таны хүч энергийг үргэлж сорж байдаг 7 зуршил

 

Энерги бол биднийг хөдөлгөж буй хүч юм.

Бид өдөр тутамд амьдралаа авч явахад тодорхой хэмжээний биеийн, оюун ухааны болон сэтгэл зүйн хүч, энерги шаардагддаг. Гэвч энерги нь хязгаарлагдмал бөгөөд хэрэглэх тусам багасч эцэстээ ядран амрахаас, түр зогсохоос өөр аргагүйд хүрнэ.

Өглөөгүүр хүн унтаж амарсаны дараа илүү хурдан, оновчтой шийдвэр гаргаж чаддаг байна. Бид ихэнхдээ яагаад ядардаг вэ гэвэл оюун ухааны нөөц дууссанаас болдог. 

Бие болоод сэтгэл зүй мөн л адил нөлөөлдөг бөгөөд үр бүтээмжтэй байж амжилт ололттой байхын тулд бид өдөр тутамд оноогдсон хүч, энергиэ зөв зохицуулж, хэрэгтэй зуршлуудыг бий болгох нь нэн шаардлагатай аж.

 

1. Бусдын таалалд нийцэх гэж оролдох

Бусдад таалагдах гэж аливааг хийх нь маш их хор нөлөөтэй бөгөөд таны хамаг хүчийг сордог байна. Өөрийн хүсэл зорилгыг үгүйсгэн зөвхөн нөгөө хүнээ сайхан байлгах гэж хичээснээрээ эцэстээ өөрийнхөө аз жаргалыг хулгайлж байна гэсэн үг юм.

Бусдад туслах, харилцаандаа анхаарах сайн ч гэлээ хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өөрийгөө үгүйсгэн байж хийж байна уу үгүй юу гэдгээ анхаараарай. 

Өөрийнхөө хэрэгцээг хайхралгүй, аз жаргалгүй болж, эцэстээ та өөрөө шатаж дуусна шүү дээ.

Яавал дээр вэ?

  • Өөрийнхөө хил хязгаарыг тогтоож, мөн энэхүү хил хязгаараа бусадтай маш сайн хэлэлцэж тодорхой байх. 

  • Харилцаа гэдэг нь хоёр талаас ижил тэнцүү байх ёстой гэдгийг анхаарч заримдаа “Үгүй” гэж хэлж сурах.

 

2. Өөрийгөө хэтэрхий их шүүмжлэх

Өөрийгөө байнга шүүж шүүмжлэх нь мөн л маш их доройтуулдаг. Өөрийгөө дутуу үнэлж, хэрэггүй, чадваргүй, зохисгүй хэмээн хамаг л сул дорой байдлаа дөвийлгөдөг.   

Ингэснээрээ мэдээж яаж эрч хүчтэй байх вэ дээ.

Яавал дээр вэ?

  • Өөрийгөө хайрлаж сурцгаая.

  • Өөрийгөө хайрлаж сурснаар өөртөө итгэж илүү амар тайван байх болно.

  • Жижиг ялалтуудыг урамшуулж, хичээл зүтгэлүүдээ үнэлж алдаа дээрээ өөртөө зөөлөн хандах.

 

3. Уур уцаар, үзэн ядалт

Хордох нь зөвхөн идэж уух зүйлсээс бус харин сэтгэл зүйгээс ч мөн шалтгаалдаг.

Уур уцаар болон үзэн ядах нь хүнд байж болох хамгийн хортой сэтгэл хөдлөлүүдийн нэг. Хүний махан бие, оюун ухаан болон сүнслэг түвшинд хүртэл нөлөөлдөг маш сөрөг мэдрэмж юм.

Ихэнхдээ эдгээр сөрөг мэдрэмжүүд нь өнгөрсөнд болсон сөрөг үйл явдлуудаас үүддэг ба өнөөх сөрөг үйл явдлаа тавьж явуулж чадахгүй үргэлжлүүлэн дотроо байлгахаас эхэлдэг.

“Уур бол халуун нүүрс атган хүн рүү шидэх гэж байгаатай адил; үр дүнд нь та л түлэгдэнэ.” гэсэн үг байдаг шүү дээ. 

Уцаар, үзэн ядалт тээж явснаар хэнд ч ямар ч ашиггүй тул зориг гарган өнгөрсөнөө ардаа орхиж урагш харан явах нь таны амьдралын эхлэх цэг болно. 

Яавал дээр вэ?

  • Өөртөө хайхрамжтай хандах; яг юу таныг уурлуулж үзэн ядах сэтгэлийг төрүүлж байгаагаа тодорхойлох. 

  • Хэрвээ өнгөрсөнд болсон зүйлийг тавьж явуулахад хэцүү байвал хэсэг цагийг зөвхөн өөртөө зарцуулан мэдэрч байгаа бүхнээ бичиж эргэцүүлэх эсвэл мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах мэтээр өөртэйгөө ажиллах.

  • Нууж, дарагдуулахгүй байхыг анхаараарай. Аль болох эдгээр сөрөг мэдрэмжүүдтэйгээ ажиллах нь чухал.

 

4. Санаа зовнил болон хэтэрхий их бодох

Хүмүүс ирээдүйд юу болохын төлөө их санаа зовдог. Юмс хэрхэн болж өрнөх, тэдгээрийг удирдахын тулд хамаг хүч, энергиэ зарцуулдаг. 

Энэ нь зөвхөн тайван бус байдал, түгшүүр, сэтгэл гутралд хөтлөх ба эцэстээ ямар ч эерэг үр дүнд хүргэхгүй. Зөвхөн таны хүчийг сорж ядраах болно.

Яавал дээр вэ?

  • Та юуг удирдаж чадахгүйгээ ухаарч харин удирдаж чадах зүйлс дээрээ илүү анхаарлыг хандуул.

  • Удирдаж чадах зүйлс дээрээ анхаарсанаар та өөрийн мэдрэмжээ удирдах хүчийг олж болно.

 

5. Сошиал ертөнцийн замбараагүй хэрэглээ

Хэрхэн сошиал ертөнцийг ашиглах нь бидний сэтгэл санаа болон энергид нөлөөлдөг. Таны үзэж байгаа мэдээллүүдээс хамаарч нэг бол та урамшиж эсвэл өөрийгөө голоход хүргэдэг.
Үнэн юу вэ гэвэл, сошиал ертөнц худал хуурмагаар дүүрэн. Тэдгээр мэдээллүүдээр өөрийнхөө үнэ цэнийг хэзээ ч тодорхойлж болохгүй.

Яавал дээр вэ?

  • Зөв зохистой хэрэглээ нь таны амьдралд эерэг нөлөө үзүүлж болно.

  • Таны зорилго, алсын хараатай нийцсэн мэдээллийг олж авч өөр дээрээ анхаараарай.

  • Бусадтай өөрийгөө харьцуулах биш харин үнэ цэнтэй харилцааг бий болгох тавцан болгож ашиглаарай.

 

6. Унт, унт бас дахин унт

Таны бие, сэтгэл, сүнсийг хамгийн сайнаар төлжүүлдэг, сэргээдэг зүйл бол унтах юм. 

Унтаж байх үед таны бие эсийн түвшинд эдгэрэл явагдаж, төлжиж байдаг. Мөн таны тархи хортой бодисыг гадагшлуулж цоо шинэ бодлын холбоосуудыг бий болгож байдаг.

Энэ бүхэн таныг өглөө шинэлэг, эерэг байдлаар сэрэхэд чиглэсэн байдаг бөгөөд дор хаяж 7 цаг унтах шаардлагатай байдаг.  Харамсалтай нь ихэнх хүмүүс олон сатаарлуудаас болж гүн унтаж чадалгүй нэг бол нойргүйтэж эсвэл чанартай нойр авч чаддаггүй.

Хэрвээ та шаардлагатай цагаас бага унтаж байвал биедээ хангалттай төлжих, сэргээгдэх цаг өгөхгүй байна гэсэн үг. Үр дүнд нь та өнөөх л ядарсан, өвчилсөн хэвээр үлдэх болно.

Хангалттай унтахгүйгээс болж урт хугацааны эрүүл мэндийн асуудлууд үүсч байдаг. Шинжлэх ухаан нойртой холбоотой хэд хэдэн өвчнүүдийг илрүүлсэн бөгөөд тэдгээрийн дотор илүүдэл жин ч орсон байдаг аж.

Яавал дээр вэ?

  • Өөрийнхөө унтлагын мөчлөгүүдийг анхаарах; өдөр болгон ижил цагт унтан ижил цагт сэрдэг болох зэргээр тогтмол болгох.

  • Унтахын өмнөх зан үйлийг анхаарах; унтахын өмнө кофе уух, архи, хүнд хоол идэх зэргээс татгалзаарай.

  • Оронд нь бясалгах, тэмдэглэл хөтлөх, унших эсвэл уран зохиол сонсох.

 

7. Түргэн хоол, хэрэгцээгүй хүнс

Зөв хооллолт нь хүний сэтгэл санаа, махан биед шууд нөлөөлж байдаг. Та юу иднэ, түүгээрээ тэтгэгдэж байдаг.  Хэрвээ та хоол идсэний 30-45 минутын дараа ядрах, унтмаар санагдаж байгаа бол хоолныхоо орцонд анхаарах хэрэгтэй гэсэн үг.

Өдөр тутамдаа илчлэг сайтай хүнс хэрэглэн аль болох бэлэн, өөх тос ихтэй хоолноос татгалзаарай. Бэлэн хоол, хүнс нь танд түр зуурын эрч хүчийг өгөх боловч урт удаан хугацаанд эсэргээрээ таны эрч хүчийг сорчихдог.

 

Хэрвээ танд энэхүү нийтлэл таалагдсан бол бидэнтэй холбогдож бодол санаагаа хуваалцаарай! Баярлалаа.

 
Previous
Previous

Хямралын үед компаниа удирдан чиглүүлэх нь

Next
Next

UNLEASH SUMMIT 2021