Бид ажлаараа Бурханд мөргөх нь

Бид сэрүүн байх ихэнх цагаа ажил хийж өнгөрүүлдэг. Ажил хөдөлмөр үнэндээ бидний амьдралын хамгийн чухал үйл ажиллагаа байдаг. Эхлэл 1-2 бүлэг дээр ажил хөдөлмөр нь бидний Бурханаас хүлээж авсан анхны тушаал гэдгээс энэ нь тодорхой харагддаг. Бид Бурхантай хамтран Түүний бүтээлийн сайн нярав байхаар бүтээгдсэн. Энэхүү цуврал судлалаар Бурханы Үгийн дагуух ажил хөдөлмөрийн талаарх өөр өөр ойлголтуудыг авч үзэх болно.

 

Бид хөдөлмөрлөхийн тулд бүтээгдсэн

 

Эхэнд… Бурхан хөдөлмөрлөсөн. Бид ажилладаг Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн ба Бурханаас хүн төрөлхтөнд өгөгдсөн анхны тушаал нь хөдөлмөрлөх, Түүний бүтээлийг харж хандах байсан юм.

Библи дээр Бурханы ажил гэхэд ашигласан Еврей үг нь зөвхөн Бурханы ажилд л зориулагдан хэрэглэгдсэн үг байдаг. Бурханы ажил хөдөлмөр гэдэг нь оргүй хоосноос ямар нэг зүйлийг бүтээдгээрээ онцлогтой. Харин 2-р бүлэг дээр Бурхан Өөрийн “ажил”-аас амарсан гэдэгт ашиглагдсан үг нь хүн төрөлхтөн бидний ажил хөдөлмөр гэдэгт хэрэглэгддэг үг байдаг. Үүнээс харахад бид ажил хөдөлмөр эрхлэхийн тулд бүтээгдсэн ба ажил хөдөлмөр нь сайн зүйл бөгөөд ажил хөдөлмөр биднийг хүмүүн байх утга учрыг өгдөг байх нь.

Бүтээл дэх Бурханы ажлыг үргэлжлүүлэх нь бидний ажил бөгөөд ингэхдээ бүтээлийг арчлан тордох, асрах, шаардлагатай зүйлсийг хийнэ гэсэн үг.

Ийнхүү ажиллахдаа Бурханыг бид илтгэн харуулж буй гэдгээ бас Бурхантай хамтран ажиллаж буйгаа ухамсарлах учиртай.

Ажлыг ийм байдлаар харах нь таны ажлынхаа талаарх бодолд хэрхэн нөлөөлж байна вэ? (Жич: ажил гэдэгт зөвхөн бидний цалин авдаг ажлаас гадна, зорилготойгоор болон зориудаар хийж буй бүх зүйлийг хамруулна.)

ЭХЛЭЛ 1:26-28

Тэгээд Бурхан
—Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднээр далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ. Бурхан тэднийг ерөөж
—Үржиж, олширцгоог! Газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг! гэв.

 

Бид Бурхантай хамт ажиллахаар бүтээгдсэн

 

Бурхан хүн төрөлхтнийг бүтээгээд тэднийг Өөрийн бүтээсэн цэцэрлэгт “ажиллаж”, “газар тариалан эрхлэх” буюу “арчлуулах”-аар цэцэрлэгт амьдруулдаг.

“Ажиллах” ба “арчлах” гэдэгт орох энэхүү Еврей үгийг хожим нь библийн бусад хэсгүүдэд тахилчид Бурханыг “хүндэтгэн мөргөх” болон Түүний тушаалыг “сахих” зэрэгт хэрэглэсэн байдаг.

Энэ мэтээр бидний ажил хөдөлмөр нь мөргөл хүндэтгэлтэй шууд холбоотой нь харагдаж байна.

Цаашлаад, бид Бурхантай хамтран ажиллах учиртай. Бурхан бүх амьтад, шувуудыг анхны хүн Адамд авчраад түүгээр нэрлүүлсэн гайхалтай зураглал Библид бий. Бурхан амьтдад нэр өгөх үйл явцдаа хүнийг татан оролцуулсан нь ямар гайхалтай хэрэг вэ.

Аливаа амьтдыг нэрлэхийн тулд тухайн бүтээлийн мөн чанарыг танин мэдэж, тохирсон нэрийг өгөх нь маш чухал үйл явц. Бурхантай хамтран ажиллана гэдэг ямар том баяр, завшаан бэ.

Та өөрийн өдөр тутмын ажлаараа хэрхэн Бурхантай хамт ажиллаж, Түүнд хүндэтгэл мөргөл өргөж болох вэ?

ЭХЛЭЛ 2:15
ЭЗЭН Бурхан хүнийг авчирч, Еден цэцэрлэгийг арчлуулан сахиулахаар тэнд суулгав.

ЭХЛЭЛ 2:19-20

Ингээд ЭЗЭН Бурхан шороогоор хээрийн бүхий л амьтан, огторгуйн бүхий л шувууг урлаад, тэднийг хэрхэн дуудахыг нь үзэхээр Адамд авчирч өгчээ. Тэгээд амьд биет бүхнийг Адам хэрхэн дуудсан нь тэдний нэр болов. Ийнхүү Адам бүх мал адгуус, огторгуйн шувууд, хээрийн бүх амьтанд нэр өгчээ. Харин Адамд тохирох туслагч олдсонгүй.

 

Бидний ажил хараагдсан

 

Еден цэцэрлэгт гэм нүгэл орж ирснээр хүн Бурхантай хамт эв нэгдэл дотор ажиллаж байсан нь шууд өөрчлөгдсөн юм. Могой эмэгтэйг сорьж, эмэгтэй хориотой жимсийг эрэгтэйд өгч, дараа нь гурвуулаа нэг нэгнээ буруутгаж, хараагдсан.

Үүнээс өнөөдөр бидний ажил хөдөлмөрөө харах өнцөг улбаатай. Сайн сайхныг нь бус ажил хөдөлмөрийг хараал гэж үздэг…

Гэсэн ч Библийн энэ хэсгийг анхааралтай уншвал ажил хараагдсан биш харин ажиллах үйл явц нь хараагдсан гэдгийг харж болно. Ажиллах нь амаргүй (“духны хөлсөө дуслуулан байж”) ба бүтээмж багатай (“өргөс зангууг ургуулна”) гэсэн байна.

Байх ёстойгоосоо илүү хүнд хэцүү, шантармаар үеийг ажил дээрээ бүгд л туулсан байх. Гэсэн хэдий ч ажил Бурханаас ирсэн бэлэг гэдгийг санаарай.

Таны ажил дээр өнөөдөр тулгарч буй ямар сэтгэл гутрал, хэцүү байдлууд байна вэ? Бурхантай хуваалцах цаг гаргаарай

ЭХЛЭЛ 3:17-19

Тэрээр Адамд
Чи эхнэрийнхээ үгийг сонсож, “Бүү ид!” гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир
Чамаас болж газар хараагдлаа.
Чи түүнээс амьдралынхаа бүхий л өдрүүдэд бэрхшээл зүдүүр дунд хооллох болно.
Чиний төлөө тэрээр өргөс зангууг ч ургуулна.
Чи хээрийн өвс ногоог ч идэх болно.
Чи газар шороондоо буцталаа
Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ.
Учир нь чамайг газар шорооноос авсан.
Чи тоос шороо тул тоос шороондоо буцна гэжээ.

 

Бидний ажил бидний шүтээн болох нь бий

 

Бабелийн цамхгийн түүхээс ажил хөдөлмөрийн хараал хэрхэн даамжирдгийг харж болно. Хүн төрөлхтөн эвлэлдэн нийлж, нэгдмэлээр хот, цамхаг барихаар болцгооно. Тэд маш үр бүтээлтэй ажиллаж, тэнгэрт хүрэх цамхгийг барьцгаажээ..

Гэсэн ч баяр хөөртэй байх байсан үйл явдалд тэдний сэдэл садаа болжээ. Тэд өөрсдийн “нэрийг алдаршуулах”-ыг хүсдэг. Хэт яаран буруутгахаасаа өмнө бид өөрсдийнхөө нэрийг гаргахын тулд хэр их ажил хийдэг вэ гэдгээ өөрсдөөсөө асууцгаая. Бурханы нэрийн өмнөөс хийсэн ажил ер нь бий бил үү?

5-р эшлэл дээр “Эзэн бууж ирсэн” гэж гардаг. Хэрэв Бурхан бидний ажлыг үзэхээр өнөөдөр бууж ирвэл юу яах вэ?

Эндээс нэг зүйл тодорхой байгаа нь Бурхан биднийг ямар ажил хийж байгааг хараад зогсохгүй ямар хандлагаар хийж байгааг хардаг байх нь.

Та ямар хандлагаар ажлаа хийж байна вэ? Өөртөө алдрыг авахын тулд хийж байна уу? Эсвэл Бурханд алдрыг өгөхөөр хийж байна уу?

ЭХЛЭЛ 11:3-5

Тэд
—За хөдөлцгөөе, тоосго цохиж, түүнийгээ гүйцэд болтол нь шатаацгаая гэж өөр хоорондоо хэлцээд, чулууны оронд тоосго, шаврын оронд барагшин хэрэглэв. Тэгээд тэд
—За хөдөлцгөөе, бүгдээрээ хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ. ЭЗЭН хүний хөвгүүдийн барьж байгуулсан хот ба цамхгийг үзэхээр бууж иржээ.

 

Бидний ажлын талбар дахь Есүсийн төлөвлөгөө

 

Заншсан ёсоороо Есүс синагогт очиход Түүнийг урин Бичээснээс уншуулдаг. Есүс Исаиа 61-р бүлгийг нээн Мессиа (Тослогдсон Нэгэн) дэлхий дээр юу хийх талаарх алдартай хэсгийг уншдаг.

Бид заримдаа Лук 4-р бүлгийг сүнслэг ядуурал, сүнслэг шорон, сохор байдал болон дарамтаас чөлөөлөгдөнө гэж унших нь бий. Угтаа Есүсийн Исаиа 61-р бүлгээс эш татсан хэсэг нь Есүс Эзэний эрх мэдэлд дор орсноороо ард түмэн нүглийн боолчлолоос салах тухай билээ.

Иймээс бидний ажил хөдөлмөр бол Бурханы агуу авралын төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд хүн бүрд Бурханы хаанчлал ямар байдгийг болон “Эзэний тааламжит жил”-д амьдрах нь ямар болохыг мэдрүүлэхийн тулд байдаг билээ. Ингэснээр бид алдрыг Эзэн Есүс Христэд өргөж, Түүний ямар нэгэн болохыг харуулах юм.

Та өдөр тутмын ажлаараа хэрхэн хүмүүст Бурханы хаанчлал ямар байдгийг мэдрүүлж болох вэ?

ЛУК 4:18-19

—Над дээр Эзэний Сүнс байна.
Учир нь ядууст сайнмэдээг хүргэхийн тулд
Намайг Эзэн тосолсон юм.
Тэр Намайг илгээсэн нь
Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах,
Сохруудад хараа оруулах,
Дарамтад байгсдыг
чөлөөлөхийн сацуу,
Эзэний тааламжит жилийг
тунхаглахын тулд болой
гэж уншаад,

ЛУК 4:21

Тэр тэдэнд
—Энэхүү Бичвэр өнөөдөр сонсголд тань биеллээ гэж айлдав.

 

Бид бол Бурханы гарын хосгүй бүтээл билээ

 

Заримдаа итгэл ба итгэлээр ажиллах, ажил зэрэг ойлголтыг буруу ойлгодог. Ефес 2-р бүлэг дээр авралыг өөрсдийн үйлсээр олж авах боломжгүйг тодорхой хэлсэн байдаг. Хэдий тийм ч бид сайн үйлс хийхийн төлөө Бурханаар аврагдсан гэдгийг бас тодорхой хэлж байна.

Гайхалтай нь эдгээр эшлэл дээр бид бол Бурханы гараа гарган урласан урлагийн хосгүй бүтээл гэдгийг сануулж байна. Бид сайн ажлуудыг хийхээр Христ Есүс дотор бүтээгдсэн Бурханы гайхалтай бүтээлүүд юм.

Бурхан бидний хийх ажлыг бэлдсэн гэдэг амлалт нь бидэнд амар тайвныг өгдөг. Бурхан бидэнд ямар ажил бэлдсэнийг Бурханаас асуух хэрэгтэй. Южин Петерсон библийн мессеж орчуулга(нартай библи)-ын 10-р эшлэл дээр хэлсэн шиг бид “эдгээр ажилд анхаарлаа хандуулж, хийх хэрэгтэй”

Бурхан таныг хийгээсэй гэж хүсэж буй ямар ажил байгаа бол? Хэрэв та мэдэхгүй байгаа бол Бурханы удирдамжийг эрэн хайж, залбираарай.

ЕФЕС 2:8-10

Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хэн ч үл сайрхах болно. Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасай гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ.

 

Бидний ажил Эзэний төлөө

 

Библи дээр бидний амьдралын бүхий л талбар нь Бурханд өргөх сүнслэг мөргөл байх ёстой талаар өгүүлдэг(1Кор 10:31, Ром 12:1-2). Бидний амнаас гарах үг бүр, ажил хөдөлмөр бүр минь Есүсийн нэрээр Бурханд талархалтайгаар хийгдэх ёстой гэдгийг санаж байх нь чухал.

Хэдийгээр эртний Грек-Ромын соёлд байсан эзэн боолын харилцаа нь орчин цагийн ажилтан, ажил олгогчийн харилцаанаас ялгаатай, ажилчдыг бодвол боолууд эздэдээ дуулгавартай байх, тэднийг хүндлэх шалтгаан асар бага байсан биз ээ.

Бидэнд сайн ханддаггүй албан байгууллагад хэцүүхэн дарга, захиралдаа дуулгавартай байх амаргүй. Харин бид өөрсдийгөө хэн нэгэнд дуулгавартай байхаас илүүтэй Бурханд чин сэтгэлээсээ дуулгавартайгаар үйлчилж байна гэж харвал энэхүү нөхцөл байдал тэс өөр санагдах болно.

Энэ дэлхийн дээд албан тушаалтан, дарга нарт бус Эзэнд зориулан ажиллаж буй гэж бодох нь таны ажилд ямар өөрчлөлтийг авчрах вэ?

КОЛОССАЙ 3:17
Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн, Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал өргөж бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн.

КОЛОССАЙ 3:22-23
Боолууд аа, махан бодынхоо эзэнд бүх талаар дуулгавартай бай. Хүнд таалагдах гэж нүд хууралгүй, харин Эзэнээс эмээн, чин зүрхнээсээ үйлчил. Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө чин зүрхнээсээ хийгтүн.

 

Амралтаа авах нь

 

Бид ажиллаад, ажлаасаа амардаг Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн.

Зарим хүмүүсийн хувьд амрах хэцүү байдаг. Хийх ажил их юм шиг санагдаад л, тэр ажлуудыг би л хийхгүй бол болохгүй юм шиг санагддаг.

Гэвч амралт гэдэг нь дуулгавартай байдлын илэрхийлэл юм. Биднийг амрах ёстойг Бурхан тушаасан байдаг (Гэтлэл 20:8–11). Мөн амрах нь бидний тусын тулд байдаг (Марк 2:27).

Энэ нь Бурхан бүхний дээр бүхний хяналтдаа байлгаж буйг бидэнд сануулдаг.

Мөн бидний оюун санаа, бие махбод сул дорой гэдгийг сануулдаг.

Амралт нь ажлаа эргэцүүлж, эерэг сайн талыг нь олж харахад бидэнд тусалдаг.

Энэ нь бидэнд бүх ажлаа Бурханд магтаал хүндлэл болгон өргөхөд тусалдаг.

Эхлэл ном дээрх түүхээс өөр нэг зүйлийг бас харж болно. Хүн төрөлхтнийг зургаа дах өдөр бүтээсний дараа бүх бүтээл долоо дах өдөр амардаг. Тэгээд хүн дараа өдрөөс нь Бурхантай хамтран ажиллаж эхэлдэг.

Тиймээс бид үр бүтээлтэйгээр ажил хөдөлмөр эрхлэхийн тулд амардаг аж.

Бурханд захирагдах, бие махбодоо анхаарах, эргэцүүлэн бодох, магтан хүндлэх болон ажилдаа бэлдэх зэрэг амрах зөв хэв маягийг хэрхэн бий болгож хэвшүүлэх вэ?

ЭХЛЭЛ 2:1-3
Тэнгэр газар болон түүний түг түмнийг ийнхүү гүйцээв. Долоо дахь өдөр гэхэд Бурхан хийж байсан ажилаа гүйцээгээд, хийж байсан бүх ажлаасаа Тэрээр долоо дахь өдөртөө амарчээ. Бүтээж байсан бүх ажлаасаа энэ өдөр амарсан тул Бурхан долоо дахь өдрийг ерөөж ариун болгов.

ГЭТЛЭЛ 20:8-11
Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь. Чи зургаан өдөр хөдөлмөрлөж бүх ажилаа хий. Харин долоо дахь өдөр нь Бурхан ЭЗЭНий чинь Амралт тул чи ямар ч ажил бүү хий. Чи, чиний хүү, чиний охин, чиний зарц, чиний шивэгчин, чиний мал бас танайд байгаа ирмэл хүн ч мөн адил. Учир нь зургаан өдөрт ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс Амралтын өдрийг ЭЗЭН ерөөн тэр өдрийг ариун болгосон юм.

МАРК 2:27
Тэр тэдэнд бас
—Хүн Амралтын өдрийн төлөө бус, Амралтын өдөр хүний төлөө бий болсон.

 

Бидний ариун ажил

 

Өөрсдийн ажлыг сахилга баттайгаар Бурханы өнцгөөс харахад туслах хэдэн арга замууд бий. Эдгээрийн нэг нь хувь хүний ёс зүйн тал дээр шинэчлэгдэж ёс зүйг дээд зэргээр сахин, Бурханлаг байдалд дасгалжих юм. Энэ нь өндөр ёс суртахуунтай, ариун, энэ дэлхийгээс ангид амьдралаар амьдрахыг хэлнэ.

Ариун байдалд анхаарснаар, анхнаасаа бүтээгдсэн хүн төрөлхтний мөн чанарын дагуу өөрчлөгдөн, бидний амьдралын үр жимс нь Ариун Сүнсний үр жимснүүд болдог (Галат 5:22-23). Тэдгээр нь: хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуй билээ.

Эдгээр үр жимсийг гарган амьдрах төгс нөхцөл байдлыг ажлын байр бүрдүүлдэг. Ихэнхдээ бидний тэвчээр, дөлгөөн зан, Бурханд итгэмжтэй байдал, биеэ захирахуй нь ажлын орчинд шалгагдаж байдаг. Бид хайрыг харуулах, амар тайвныг тогтоох, баярлан хөөрөлдөх, эелдэг байж, сайныг үйлдэх арга замуудын төлөө залбирах хэрэгтэй.

Та ажил дээрээ өдөр тутамд Ариун Сүнсний үр жимсийг хэрхэн гаргаж болох вэ?

ГАЛАТ 5:22-23
Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуй нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй.

 

Сайн мэдээ бол бидний ажил

 

Сайн мэдээ нь Библийн ойлголтуудын дагуу бидний хэрхэн ажиллаж буйгаар тунхаглагдаж, бусдад харагдаж байгаа байдлыг хэлнэ. Энэ нь итгэлээ хуваалцах, Бичээсээр дамжуулан Христтэй учрах, Христитгэлээр амьдрах, библийн дагуу аливаад хандаж, хайр дотор үнэнийг өгүүлэхэд оршино.

Ажлын байрандаа дараах дадал зуршлыг хэвшүүлж сахилга баттайгаар дээрх үйлсүүдийг хэрэгжүүлж болно. Үүнд:

  • Дуулгавартай байдал дотор ажиллаж, амьдрах

  • Библийн зарчмуудыг ажлын байран дээрээ хэрэгжүүлэх

  • Үнэнийг хамгаалах

  • Ажлын байран дээрх бусад итгэгчидтэй хамтран библи судлал эхлүүлэх, сайн мэдээний бүлгийг нээх, залбирлын бүлэг болон туслах бүлгүүдийг байгуулах

  • Ажил болон үйлсээрээ сайн мэдээг гэрчлэх бүхий л боломжийг эрэлхийлэх зэрэг багтдаг.

Иймэрхүү байдлаар бид ажлын талбар дээрээ гэрэл, давс болж, сайн сайхныг сахиж, харанхуйд гэрэл болох билээ.

Та хэрхэн ажлын байрандаа сайн мэдээний зан байдлыг хэрэгжүүлж болох вэ?

МАТАЙ 5:13-16
Та нар газрын давс. Хэрэв давс амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох вэ? Энэ нь гадагш хаягдаж, хүмүүсийн хөл дор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болохгүй. Та нар ертөнцийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна. Хэн ч дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.

 

Бидний залбирал дүүрэн ажил

 

Залбиралтай ажиллах гэдэг нь сүнслэг эргэцүүлэл, тасралтгүй залбиралтай байхыг хэлнэ. Ийм арга барилаар ажиллаж хөдөлмөрлөдөг хүмүүс завгүй үедээ ч амар тайван байж, ихэнхдээ асуудалд ул суурьтай хандаж чаддаг. Тэдний ярианд сүнслэг гүн гүнзгий утга агуулга ажиглагддаг бөгөөд Христэч бясалгалын сахилга батад суралцсан байдаг.

Энэхүү сүнслэг сахилга батыг ажлын байрандаа хэрэгжүүлэхийн тулд дараах зүйлсийг бид хийж болно. Үүнд:

  • Бурханы оршин буйг ухамсарлах

  • Ил тодоор болон дотогшоо байдлаар бүх зүйлээ Бурханы өмнө авчрах

  • Ажлын орчинд амрах, дуугүй байх болон ганцаараа байх хэмнэлийг бий болгох. Магадгүй хөдөө хээр, байгаль орчинд ажилладаг хүмүүст үүнийг бий болгох нь хялбар санагдаж болох ч эдгээрийг та хаана ч хэзээ ч бүтээлч байдлаар хэрэгжүүлж болно.

  • Бурханаас ирэх сайн сайхан зүйлсэд талархаж, тэмдэглэх. Үүнд: ололт, амжилт, үнэн, сайн сайхан, гоо үзэсгэлэн, гайхамшиг, баяр хөөр орно.

  • Сүмийн хуанли дээрх ариун өдрүүдийг хүндэтгэн сахих зэрэг багтдаг.

Та хэрхэн залбиралтайгаар ажиллаж, Дуулал номын бичигч шиг ажлын талбар дээрх гай зовлон, салхи шуурга, газар хөдлөлтийн дунд чимээгүй байж, Бурханыг илүү таньж мэдэх вэ?

ДУУЛАЛ 46:1-2
Бурхан, бидний хоргодох газар ба хүч,
Зовлон шаналан дунд
үнэхээр олддог тусламж.
Дэлхий өөрчлөгдөхөд ч,
Далайн зүрх уруу уулс нуран ороход ч бид айхгүй.

ДУУЛАЛ 46:10
Тэмцэлдэхээ больж
Бурхан гэдгийг минь мэд
Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөж,
Дэлхийд өргөмжлөгдөнө.

 

Бурханыг харуулж ажиллах нь

 

Бурханыг эргэн тойрныхондоо харуулж ажиллах гэдэг нь ажил дээрээ, дотоод сэтгэлдээ, зан байдлаараа, ихэнхдээ өөрсдөө ч анзааралгүй Бурханыг гэрчлэх тухай ойлголт юм. Өдөр тутамдаа ариун байдлыг сахиж, сонор соргог байж, Бурханы тэмдэг болон эш үзүүлэг тэмдгүүдийг нь олж харах юм.

Энэхүү сүнслэг сахилга батыг ажлын байрандаа хэрэгжүүлэхийн тулд дараах зүйлсийг бид хийж болно. Үүнд:

  • Бурханы оршихуйн илрэлүүдэд соргог байх

  • Бүтээлийн, итгэмжит байдлын, чөлөөлөлт, аврал, хангамжийн ба нигүүлслийг илрэлүүдэд гярхай байж талархах.

  • Эргэн тойронд байгаа хүмүүстээ Есүс хэрхэх байсан бол гэсэн хандлагаар үйлчилж, амьдрах

  • Бидний ажил хөдөлмөр бол Бурханы мэргэн ухаан, сайн мэдээг бусдад хүргэх орчин үеийн сургаалт зүйрлэлүүдийн материаллаг эх үүсвэр гэж харах зэрэг багтдаг.

Есүс махбод болж Бурхан хэн бэ гэдгийг харуулж амьдарсан шиг бид ч бас Есүсийн адил ажиллах нь ямар вэ гэдгийг хамтран ажиллагсдадаа харуулах хэрэгтэй. Магадгүй та ажлын талбар дээрээ цор ганц итгэгч нь, тэдний унших цорын ганц Библи нь ч байж магадгүй юм.

Та ажил дээрээ өөрийн үг ба үйлдлээрээ Эзэн Есүсийг бусдад хэрхэн илчлэн харуулж байна вэ?

ИОХАН 1:14
Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.

ИОХАН 1:18
Бурханыг хэн ч хэзээ ч хараагүй. Харин Эцэгийн өвөр дэх цор ганц Төрөгч болох Бурхан нь Түүнийг таниулсан юм.

 

Сүнсээр хүчирхэгжсэн ажил

 

Сүнсээр хүчирхэгжин ажиллах гэдэг нь ажлын талбартаа сүнслэг бэлэг авьяасуудаа ашиглаж, бидний ажил хөдөлмөр дээр Бурхан хэрхэн гайхамшгуудаа хийхийг харахыг хэлнэ. Энэ нь Бурхан хаа сайгүйгээр оршдог, боломжгүй мэт газар ч Тэр байдаг гэдгийг харуулах юм.

Энэхүү сүнслэг сахилга батыг ажлын байрандаа хэрэгжүүлэхийн тулд дараах зүйлсийг бид хийж болно. Үүнд:

  • Өөрсдийн сүнслэг бэлгүүдээ нээн илрүүлж, тэдгээрийг хэрхэн хөгжүүлж, хэрэглэх мэргэн ухааныг эрэлхийлэх

  • Таны ажлын байран дээр Бурханы аль хэдийн хийж буй ажил дээр та хэрхэн хамтарч болох талаар залбирах

  • Бурханы оршихуйг урин дуудах

  • Ажлын байран дах орчноо сайжруулахын тулд хамтран ажиллагсдадаа үйлчлэхийг эрэлхийлэх зэрэг багтдаг.

Бурхан Безалелд бэлдсэн байсан ажлаа хийлгэхийн тулд авьяас чадваруудыг өгсөн шигээ Бурхан бидэнд бэлдсэн сайн ажлаа Түүний алдрын төлөө хийлгэхийн тулд Өөрийн Сүнсээр биднийг дүүргэж “мэргэн ухаан, ойлгох чадвар, мэдлэг болон бүх төрлийн чадварууд”-аар дүүргэхэд бэлэн байгаа.

Бурхан танаар өнөөдөр хийлгэхээр бэлдсэн ажлыг хийхийн тулд та Сүнслэг билэг авьяасаа хэрхэн ашиглах вэ?

ГЭТЛЭЛ 31:1-5

Мосед ЭЗЭН айлдан

— Харагтун, Би Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалелыг нэрээр нь дуудсан билээ. Би түүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг, бүх талын ур чадварт Бурханы Сүнсээр дүүргэсэн нь уран хийцтэй зүйлсийг сэдэж, алт, мөнгө, хүрлээр урлан, 5суулгах чулуунуудыг засаж, мод сийлэх ба бүх талын урлалыг хийлгэхийн тулд билээ.

Previous
Previous

Бид өгч, холбогдож, хөдөлмөрлөхөөр бүтээгдсэн

Next
Next

Ажлын байран дээрх санаа зовнил