Бид өгч, холбогдож, хөдөлмөрлөхөөр бүтээгдсэн

Манлайллын тухай The WOW Factor Leadership Podcast дээр тулгуурлан гаргасан 3 өдрийн төлөвлөгөө. Амжилттай яваа манлайлагчид хэрхэн Библийн зарчимд тулгуурлан ажил, хөдөлмөрөө эрхэлдэг талаар уншиж судлаарай.

 

Өгөх нь халдварладаг

 

Таны эцэг эхээсээ сурсан хамгийн чухал сургамж юу байсан бэ?

Хүн бүр л амьдралд маань үнэ цэнээ өгсөн үнэт сургамжуудыг нэрлэх байх. Заримдаа тэрхүү сургамжууд нь үгээр заагддаг бол ихэнхдээ үгээр бус үйлдлээр заагддаг. Аав ээжийнхээ хийдэг зүйлсийг цаг хором бүр ажсаар өөрийн мэдэлгүй тэдгээр үйлдлүүд бидний зүрхэнд үндэслэж, ургасан байдаг билээ.

Хамгийн сонирхолтой нь эцэг эхчүүд эдгээр зүйлсийг өөрийн мэдэлгүй үйлдэж байдаг. Чухамдаа, зарим нэг чухал, амьдралыг өөрчилсөн хичээлүүд нь хэн нэгэн хүний өөрийн үндсэн, амьд итгэлээ өдөр тутамдаа гаргахыг хөндлөнгөөс ажигласнаас төрөн гарсан байдаг.

Нэгэн өгөөмөр найз минь манай подкаст дээр зочлохдоо дараах түүхийг хуваалцсан юм. Хобби Лобби компанийн ерөнхийлөгч Дэвид Грийн тарчигхан амьдралд өсөж торнижээ. Амьдралынхаа турш өдөр бүр тэр ээжийгээ Бурханы Үгийг судалж, уншиж, залбирахыг хардаг байв. Ээж нь цөөхөн хүнтэй даруухан цуглааны пасторын эхнэр байсан ба бусдын л адил мөнгөөр дутагдаж амьдарчээ. Гэвч тэд үргэлж аравны нэгээ өргөдөг байсан ба ихэнхдээ Бурханы ажилд өөрсдийн талбайд ургуулсан ногоог өргөдөг байв. Ээж нь Бурханд өргөх бүртээ үргэлж баяр хөөрөөр бялхдаг болохыг бяцхан Дэвид хардаг байв. Ээж нь Бурханы Үгийг дагаж, хайрлан, бусдад өгдөг нэгэн байж. Ээж нь Бурханд илүүчлэх зүйл байхгүй мэт байсан ч, эсвэл амьдралд бүх зүйл байсан аль ч үед үргэлжлүүлэн өргөсөөр байдаг байжээ.

Хамгийн гайхалтай нь Дэвидийн ээж нь хүүгээ хожим нь хэдэн тэрбум долларын хөрөнгөтэй том сүлжээ компанийн ерөнхийлөгч болохыг мэдсэн байсан ч тэрээр юуг ч өөрөөр хийхгүй байсан гэдэгт би итгэлтэй байна. Ээжийнх нь зарчим нь зөв бас итгэмжит байв. Тэд Бурханыг хүндэлсэн юм.

Эдгээр зарчим нь Дэвидийн зүрхэнд үндэслэгдэн ургажээ. Өнөөдрийг хүртэл миний мэдэх хамгийн өглөгч, баяр хөөртэй хүмүүсийн нэг нь Дэвид юм. Хэрэв Дэвидийн ээж нь амьд сэрүүн байж, хүүгээ бусдад өөрийнх нь адил итгэмжтэй байдлын зарчмыг зааж буйг харсан бол баярлах байсан буй за.

Өгөхөөс ирдэг баяр хөөр халдварладаг. Удирдагчид бидний хувьд энэ нь санаж явах ёстой хүчирхэг үнэн, цааш дамжуулах ёстой агуу үлгэрлэл билээ.

Эргэцүүлэх нь

Таны эцэг эхийн зааж сургасан хамгийн чухал хичээлүүд юу вэ?

Таны амьдрал болон удирдлагын арга барилаараа бусдад зааж буй жишээнээс хуваалцаарай.


2КОРИНТ 9:6-8
Тэгэхлээр ийм байна. Харам таригч нь харам хураана. Өгөөмөр таригч нь өгөөмөр хураана. Хүн бүр дурамжханаар бус, албадлагаар бус зүрхэндээ байгаачлан өгөгтүн. Учир нь уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг. Та нарыг Бурхан бүхий л ерөөлөөр бялхаах чадалтай. Харин та нар бүх зүйлд, бүхий л талаар, үргэлж сэтгэл хангалуун байж, алив сайн үйлээр дүүрэн байгаарай.

 

Хоорондоо холбоотой байх нь

 

Өмнөх ярьсан тэрхүү подкастын үеэр би ноён Дэвид Грийнээс карьерээ эхлүүлж буй залуу удирдагчдад ямар зөвлөгөө өгөх талаар нь асуусан юм. Тэдэнд хандсан урмын үг байх болов уу? гэж найдаж байсан бөгөөд найдлага маань талаар болсонгүй. Дэвид даруй Колоссай 2:23-ыг гаргаж ирээд ямар ажил гэдгээс нь үл шалтгаалан бидний ажлын захирал нь Есүс гэж үзээд, өөрсдийн хийж буй ажлаа бүхий л зүрх сэтгэлээрээ хийх нь дуудлага юм гэв.

Ингэх нь залуу удирдагчдад хоёр давуу талыг олгодгоороо гүнзгий ач тустай юм. Эхнийх нь удирдагчдад хожим хэрэг болох сайн дадал зуршлыг бий болгодог. Дэвид хэлэхдээ залуу удирдагчдын хувьд Бурханы тэдэнд бэлдсэн зүйлсэд хараахан бэлэн болоогүй байдаг. Тэд сургагдах хэрэгтэй. Заримдаа маш их сурах зүйлс хэрэгтэй болдог. Иймд өөрийн ажлын захирлыг Есүс гэж үзэх нь ирээдүйд бидэнд амин чухал зан чанар, дадал зуршил чадварт суралцахад тусалдаг.

Удаах нь илүү чухал ба Есүсийг өөрийн захирал гэж үзэж өөрийнхөө ажлыг чин сэтгэлээсээ хийх нь бидэнд дуудлагаа тодорхой болгоход тусалдаг. Бидний ихэнх нь өөрсдийн дуудлагаа ажлын эхний өдрөө тодорхой ойлгодоггүй. Яг үнэндээ, ихэнх маань дуудлагаа амьдралын хожуу үедээ нээж ирүүлэх нь бий. Харин бид амьдралын хором мөч, үе бүхэнд Бурхантай харилцаатай байснаар Түүний чиглүүлгийг сонсох боломжтой. Эцэст нь хэлэхэд Бурхан бол үйл явцын Бурхан юм. Бурхан биднийг зарим нэг газар аваачихын тулд өөр ажлууд дээр байлгах үе байдаг. Хэрэв бид үүнийг Бурханы бэлэг, Бурханыг таньж мэдэх арга зам гэж үзэх юм бол бидний хийж буй ажил бүр биднийг санаанд оромгүй байдлаар хурцалж, өөрчилж байдаг.

Карьерын “амжилт” ганц өдрийн дотор бий болдоггүй. Чухамдаа бид өөрсдийн карьераа Бурханаар удирдуулахыг хүсэх үед амжилтын тодорхойлолт маань хүртэл илүү дээр тодорхойлолт болж өөрчлөгддөг.

Бид Бурханы өмнө гарч алхана гэж байхгүй. Колоссай 3:23 дээрх зааврын дагуу бид ирээдүйн хийсвэр байдлыг хоосон мөрөөдөхийн оронд Бурхан яг одоо юу хийж байгаад өөрсдийн нүдийг нээлттэй байлгах хэрэгтэй болж байна. Ямар ажил хийж байгаагаас үл хамааран чин сэтгэлээсээ ажиллах нь ихэнхдээ Бурхан биднийг хүсэн мөрөөдсөнөөс маань илүүд авчрах шалгарсан арга болж байдаг.

Эргэцүүлэх нь

Та ажил карьерын хувьд зогсонги байдалд орсон мэт мэдэрч байсан уу? Түүнийгээ хэрхэн шийдвэрлэсэн бэ? Эсвэл шийдвэрлээгүй байна уу?

Таны өөрийнхөө ирээдүйн талаарх төсөөлөл Бурханы таны ирээдүйн талаарх төсөөлөлтэй таарч байна гэж бодож байна уу? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?

ИЕРЕМИА 29:10-14
ЭЗЭН ингэж айлдаж байна. «Вавилоны төлөө далан жил дуусахад та нарыг энэ газарт буцааж авчрахын тулд Би та нар дээр ирж, сайн үгээ та нарт биелүүлнэ. Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Та нар Намайг дуудаж, ирж, Над уруу залбирахад Би та нарыг сонсоно. Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно. Би Та нарт олдоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би та нарын сайн сайхныг сэргээж, та нарыг бүх үндэстэн болон Миний та нарыг зайлуулсан бүх газраас цуглуулах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Та нарыг цөллөгт илгээсэн газраасаа Би та нарыг буцааж авчирна.»

 

Хөдөлмөрлөхийн тулд бүтээгдсэн

 

Сүүлчийн хэсэгтээ илүү гүнзгий утга учиртай зүйл болох “та хөдөлмөрлөхийн тулд бүтээгдсэн” сэдвийг хуваалцах болно.

Библийн дагуу Бурхан таныг бүтээсэн ба танаар хийлгэх ажлыг бас Бурхан бүтээсэн гэж үздэг. Амьдрах болон ажиллах гэдэг нь нэг зоосны хоёр талтай адил юм. Энэ нь бид Бурханы төлөө болон Бурханы хаанчлалын төлөө ажиллаж байх үед ажилдаа сэтгэл хангалуун байх боломжтой тухай юм.

Бид хөдөлмөрлөхийн тулд бүтээгдсэн гэдэг нь яагаад бидэнд урам зоригийг өгдөг вэ гэвэл бид Бурханы төлөө мэрийж ажиллахдаа ажил амаргүй хэцүү байсан ч бид ажилдаа сэтгэл хангалуун, тааламжтай байх боломжтой. Үнэн хэрэгтээ, бид зөвхөн Бурханы төлөө ажиллаж байх үед л ажил хөдөлмөр маань амаргүй байсан ч ажилдаа баяр хөөртэй байх арга зам болдог.

Өчигдөр бид ажил дээрээ зөвхөн хүний зорилтуудыг тавих юм бол бид өөрсдийгөө бүтэлгүйтэл рүү дагуулж болох тухай ойлгосон. Бид өөрсдийн карьерийг барьж байгуулж, найз нөхөд, хамтран ажиллагсдын хүрээллийг бий болгосон ч тэтгэвэрт гарахдаа санаа зовохооргүй болсон ч гэсэн Бурханы төлөө тэр бүгдийг хийгээгүй бол Бурхан биднийг хэрхэн бүтээсний дагуу бид амьдрахгүй байна гэсэн үг юм. Яг үнэндээ бид өөрсдийнхөө бүтээж буй зүйлсийн эзэн нь биш, харин Бурхан бол Эзэн нь юм. Дэвид Грийн өөрийгөө Бурханы эзэмшдэг хэдэн тэрбум долларын компанийн нярав гэж үздэг. Үүнийг тэрээр зөвхөн үгээрээ хэлдэг төдий биш, үйлдлээрээ бас харуулдаг. Хуулийн дагуу Грийний гэр бүлийн хэн ч бай өөрөө хөлс хүчээ урсгаагүй л бол Хобби Лобби компаниас мөнгө авах эрхгүй байдаг.

Нэг удаа би Дэвидтай цуг түгээлтийн агуулахаар алхаж байхдаа түүний хамгийн дуртай эшлэлийг асуусан юм. Тэрээр “цэвэр гартай, ариун зүрхтэй” гэж билээ.

Тухайн үед би тэрхүү хэлцийн утгыг ойлгосон мэт царайлсан ч гэртээ хариад орой нь Дуулал 24-ийн хам сэдвийг харсан юм. “Цэвэр гартай, ариун зүрхтэй” гэдэг нь дэлгүүрийн менежер, үйлчилгээний ажилтан, эмч, багш, цагдаа эсвэл аливаа салбарын хүнд юу гэж ойлгогдох вэ?

Дэвид Грийний хэлж буй санаа нь тодорхой байсан юм. Энэ нь хэрэв бид ажил хөдөлмөр, амьдралдаа цэвэр гар, ариун зүрхтэй байх юм бол бид Бурхан руу даруухнаар очиж болох ба Бурханаар бас ерөөгддөг тухай байсан юм.

Эцэст нь хэлэхэд, бидний ажил зөвхөн хүний зорилт зорилго төдий биш юм. Тушаал дэвших, албан тушаалд очих, цалин мөнгө төдий биш… эд нарын аль нь ч ажилчид биднийг тодорхойлохгүй. Эсвэл бид бүхэн хүсэж байсан зорилго, албан тушаалдаа хүрсний дараа яах вэ? Бид нэг бол бүх зорилго маань биеллээ гээд сэтгэл гутралд ордог эсвэл дараагийн зорилт, дахиад нэг зорилтод хүрэх гэсэн донтой нэгэн болж мянган зорилтын боол болдог.

Бид зөвхөн хөдөлмөрлөхийн төлөө бүтээгдээгүй, харин Бурхан биднийг ажил хийлгэхийн тулд бүтээгдсэн гэдгээ ухамсарлавал амьдрал энгийн байх сан. Удирдагчид бид бүгд өөр өөрсдийн гэсэн дуудлагатай. Гэвч ямар ажлаас үйл шалтгаалан ажиллаж, хөдөлмөрлөх зарчим маань хэзээ ч өөрчлөгдөх ёсгүй.

Эргэцүүлэх нь

Та 1-10 гэсэн оноогоор дүгнэвэл таны ажлын идэвх гаднын хүчин зүйлсээс байна уу? Эсвэл Бурхан таныг Өөрийнхөө төлөө ажиллахаар бүтээсэн гэдгээс ирж байна уу?

Ажил дээрээ “цэвэр гартай, ариун зүрхтэй” байхад юу танд хамгийн их саад болж байна вэ?

ДУУЛАЛ 24:1-6
Газар хийгээд түүнийг дүүргэдэг бүхэн,
Дэлхий хийгээд түүнд оршигч бүгд
ЭЗЭНийх юм.
Учир нь Тэрээр далайнууд дээр түүнийг суурилуулж,
Гол мөрнүүд дээр түүнийг байгуулжээ.
ЭЗЭНий уул өөд хэн авирч болох вэ?
Ариун газарт нь хэн зогсож болох вэ?
Цэвэр гартай, ариун зүрхтэй,
Хуурмаг хоосонд сэтгэлээ өргөөгүй,
Худал тангараг тавиагүй нь буюу.
Тэрээр ЭЗЭНээс ерөөлийг,
Авралынхаа Бурханаас
Зөвт байдлыг хүртэх болно.
Энэ нь Түүнийг хайгчдын үе юм
Иаковын Бурхан,
Таны царайг хайгчдын үе юм.
Села

Next
Next

Бид ажлаараа Бурханд мөргөх нь