Ажлын байран дээрх санаа зовнил

Ажил дээр санаа зовних олон шалтаг гарна. Хийх ёстой зүйлсээ цагт нь амжуулах гэж яарахаас эхлээд, амжилт гаргалгүй алдахвий гэх айдас, дарга хамтран ажиллагсадаас мэдрэх дарамт гэх мэт. Гэвч эдгээр нь Бурханы хувьд гайхмаар зүйлс биш ээ. Эдгээрийг туулж өнгөрүүлсэн хүмүүсийн түүх, итгэл найдварыг та Библээс олж уншина.


 

Ажлын байран дээр ч тайвшрал минь Бурханы оршихуй

 

Санаа зовнил ямар байдгийг бүгд л мэднэ. Ажилдаа яваа нэгний цээжинд хурсан хөндүүр, ажлын урт өдрийн өмнөх шөнийн нойргүйдэл гэх мэт. Ажлынхаа талаар зовох санаа зовнилууд энэ мэтчилэн үргэлжилнэ. Гэвч санаа зовнил гэж яг юуг хэлдэг юм бэ? Толь бичгүүд дээр санаа зовнил гэдэг үгийг сэтгэл зовох, айдас, үл мэдэгдэх зүйлээс үүдсэн тавгүйтэл эсвэл хяналтаа алдах гэж тодорхойлсон байна. Санаа зовнил гэдэг шинээр бий болсон ойлголт огт биш. Энэ нь их эртний ухагдахуун бөгөөд хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш байсаар ирсэн ойлголт юм. Библи бидэнд тусалж чадна.

Хүн бүрийн сайн мэдэх Дуулал 23-р бүлэгт Бурхан ажиллаж буй тухай гардаг. Энд Бурханыг хоньчинтой зүйрлэжээ. Хоньчин хонин сүргээ шимтэй ногоон талд бэлчээж, араатнаас хамгаалж, Өөрийн оршихуйгаар хонин сүргээ тайвшруулдаг тухай өгүүлжээ.

Цааш харвал Дуулал номын бичээч өөрийгөө “түнэр харанхуй хөндий”-д (Дуулал 23:4) буйгаар бичжээ. Ажлын талбар дээр таны “харанхуй хөндий” нь тодорхойгүй байдал эсвэл анхаарал дутмаг байдал байж болох юм. Эсвэл таны байр суурь ганхах, мөнгө санхүүгийн тал дээр тогтворгүй байдал үүсэх гэх мэт өөр төрлийн айдас ч байж болно.

Тодорхойгүй байдал нь хүний амьдралд байдаг л нэг зүйл учир, айж түгших хэрэг огтхон ч баймааргүй. Дуулал 23-р бүлэгт Бурхан Өөрөө санаа зовнилыг анагаах ерөндөг болдог гэдгийг хэлсэн байдаг. “... Би хор хөнөөлөөс айхгүй, Учир нь Та надтай хамт байна…” (Дуулал 23:4а). Бурхан тантай хамт байгаа учраас та ирээдүйгээс айх хэрэггүй. Хүнд хэцүү цаг үед Бурхан бидэнд тусалдаг гэдэг нь хийсвэр таамаг төдий зүйл биш харин бодит байдал юм. Саваа, таягаа барьсан хоньчин шиг Бурханд таныг аюул ослоос аврах бүх хэрэгсэл бий. Ажлын байран дээр танд тохиолдож болох хамгийн муу нөхцөл байдалд ч Бурхан ажилласаар байдаг. Бурхан таны амьдралд бэлдсэн Өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд ажлын байран дээр туулж буй хамгийн гүн гүнзгий санаа зовнил дундуур ч таныг хөтлөн дагуулах болно.

ДУУЛАЛ 23:1-6
ЭЗЭН бол миний хоньчин
Надад дутах зүйл үгүй.
Ургамал ногоот бэлчээрт
Тэр намайг хэвтүүлж,
Усны дөлгөөн тийш
Тэр намайг хөтлөн
Амин сэтгэлийг минь
Тэр сэргээдэг.
Нэрийнхээ төлөө Та
Зөвтийн замаар намайг хөтөлдөг.
Үхлийн харанхуйн хөндийг туулсан ч
Хор муугаас би үл айна.
Та надтай хамт агаад
Тайвшруулал минь
Таны саваа, Таны таяг билээ.
Өстнүүдийн минь өмнө
Та надад ширээ засжээ,
Өөрийн минь толгойг
Тосоор бас тосолжээ.
Аяга минь дүүрч бялхнам
Сайн сайхан хийгээд хайр энэрэл тань
Насан туршид минь намайг лавтай яа дагана.
ЭЗЭНий өргөөнд би мөнхөд оршин сууна.

РОМ 8:31-39

Тэгвэл бид эдгээр зүйлийн тухайд юу хэлэх вэ? Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ? Тэр Өөрийн Хүүг харамлалгүй, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ? Хэн Бурханы сонгосон хүмүүсийг буруутгах вэ? Бурхан бол зөвтгөгч Нэгэн мөн. Ялладаг нь хэн юм бэ? Христ Есүс нь үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун талд буй, бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм. Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, шахалт уу, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэрэл үү, аюул уу, илд үү?
«Таны төлөө бид
Бүхэл өдөржингөө хядуулжээ,
Нядлагдах хонь мэтээр бид тооцогджээ»
гэж бичигдсэн юм. Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжин давуулан дийлдэг. Учир нь үхэл ч, амь ч, тэнгэрэлч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна.

 

Бүгдийг амжуулах ёстой гэсэн түгшүүр

 

Гэрт нь зочид гийчид ирэхэд Марта, Мариа нар тэдэнд хамтран үйлчилдэг байв. Нэгэн орой Есүс дагалдагчдын хамт айлчлан ирсэн нь Мартаг ихэд түгшээв. Би энэ бүхнийг ганцаараа хийж амжих болов уу? Зочид маань сэтгэл хангалуун гарах болов уу? Хэтэрхий санаа зовнисноосоо болоод Марта Есүст гомдоллон: “Эзэн, дүү минь намайг үйлчлэлд ганцаарыг минь орхисныг минь Та анзаарахгүй байна уу?” гэдэг.

Хариуд нь Есүс харилцан яриаг “эгч дүүсийн ажил үүргийн хуваариас” Өөртэй нь харилцах харилцаа руу эргүүлдэг. “Чи мөн ч олон юманд санаа зовж үйлээ үзэх юм даа. Үнэндээ ганцхан л юм хэрэгтэй. Өөрөөс нь булаагдашгүй сайныг Мариа сонгон авчээ гэв”. Есүс Мартагийн өгөөмөр үйлчлэлийг огтхон ч үгүйсгэлгүйгээр харин Мартад хэрэгтэй “ганцхан зүйл” бол Есүстэй харилцах харилцаа юм гэдгийг хэлсэн байна.

Эгч дүүс өөрсдийнхөө ажлыг амар тайван, баяр хөөртэйгөөр дуусгах цор ганц арга зам нь Есүсийн хайр юм. Есүсийн хөлд суух цаг гаргаагүй учраас Марта санаа зовнилоор дүүрэн нэгэн болж хувирсан байв.

Мартагийн ажил таны ажилтай л адилхан чухал ажил байсан юм. Таны үйлсэд Есүсийн хайр үгүй бол санаа зовнилоор дүүрэн л байх болно. Та санаа зовниж эхлэх гээд байвал Эзэнд цаг гаргаарай. Гүнзгий амьсгаа аваад найз руугаа залгаж хамт залбирч болох юм. Та юу нь хамгийн чухал вэ гэдгийг санан, Түүн (Есүс) дээр төвлөрөх үед ажил үүргийн жагсаалт тань стресс багатай байх болно. Магадгүй ажлын жагсаалтаасаа өнөөдөр хийх нэн тэргүүний чухал ажил, маргааш хийгдэж болох ажил гэх мэтчилэн ялган салгаж болох юм.

Ихэнх хүмүүсийн хувьд ажлын гүйцэтгэл нь хэн болохыг нь тодорхойлж байдаг. Та өөрийгөө ажлын гүйцэтгэлээрээ дүгнэдэг нэгэн бол завгүй байхдаа сэтгэл хангалуун байж ажил хойшлогдох зайлшгүй нөхцөл байдалд тавгүйтдэг болов уу. Төгс сайн хийж чадаагүй бол бусад хүмүүс намайг хэрхэн дүгнэх бол гэхээс маш их стресст ордог байж болох юм. Хэрэв та ийм төрлийн хүн бол Бурхан Эзэнтэй ойр харилцаатай байж, хэн бэ гэдгийг тань таниулж өгөхийг гуйгаарай.

ЛУК 10:38-42

Тэд зам зуураа, нэгэн тосгоноор ороход Марта гэгч нэгэн эмэгтэй Түүнийг гэртээ хүлээн авав. Тэр эмэгтэй Мариа гэдэг охин дүүтэй бөгөөд дүү нь Эзэний хөлд суугаад үгийг нь сонсож байлаа. Марта үйлчлэх ажилдаа түүртсэн тул Есүс уруу очоод
—Эзэн, дүү минь үйлчлэх ажилд намайг ганцаар орхисныг Та анзаарахгүй байна уу? Надад тусал гэж түүнд хэлээч гэв.
Харин Эзэн
—Марта, Марта, чи мөн ч олон юманд санаа зовж үйлээ үзэх юм даа. Үнэндээ ганцхан л юм хэрэгтэй. Өөрөөс нь булаагдашгүй сайныг Мариа сонгон авчээ гэв.

 

Амжилт гэдэг зөвхөн танаас шалтгаалдаг зүйл биш

 

Ажлын байран дээрээ амжилттай байх ёстой гэх жишиг бидэнд сэтгэлийн дарамт авчрах нь бий. Энэ жилийн зорилтдоо хүрэх болов уу? Компани маань өрсөлдөгч нараасаа сайн үзүүлэлттэй байж чадаж байна уу? Хэрэв та амжилтыг 100% танаас шалтгаалдаг гэж үздэг бол дээрх асуултууд танд маш хүнд дарамт байж таарна.

Гэвч амжилт гэдэг зөвхөн танаас шалтгаалдаг зүйл биш ээ. Таны төлөвлөгөөнүүд амжилттай болох эсэхэд Бурханы оролцоо маш чухал. Дуулал 107 бүлэгт хүмүүний амьдрал, амьжиргаа тэдний хяналтаас гадуурх олон хүчин дээр тогтдог тухай дурдсан байна. Та өөрөөс шалтгаалах бүхнээ хийх ч шагнагч нь Бурхан. Хүмүүс талбайд “үр тарих” ч Бурхан л түүнийг нь “арвинаар өсгөдөг”. Та газар тариалан эрхэлж байсан ч, том хотод оффист ажиллаж байсан ч бай та өөрийнхөө ажлын амжилтад ганцаараа хариуцлага хүлээнэ гэсэн үг биш гэдгийг сана. Амжилттай ажлын суурийг Эзэн Бурхан бэлтгэж, эцсийн үр дүнг Бурхан л хариуцдаг юм.

Та зөвхөн өнөө маргаашдаа бус алс хэтдээ ч санаа зовниж байж болох юм. Албан тушаалын шат ахих, хархны уралдаанд тэмцэлдэх гэх мэт хэлцүүд таны санааг түгшээж байвал та өөрийнхөө карьерыг урагш ахиулахад санаа зовнидог нэгэн байж таарлаа.

Давид бидэнд өөрийн амжилтын замналыг Бурханд даатгах ёстойг заасан нэгэн билээ. Хэдий бага залуу байхад нь л Давидад өндөр албан тушаал амлагдсан ч тэрээр өөрийн дээд албан тушаалтан Саулыг огцруулах гэж яарсангүй. Үүний оронд, Бурхан өөрт нь зөв цагт зөв ажлыг өгнө гэж Давид итгэсэн юм. Эцэст нь Давид Бурханы цагт хаан болсон билээ.

Богино хугацааны ч бай, урт хугацааны ч бай амжилт нь Бурханаас ирдэг бэлэг. Амжилтад үзүүлэх таны хариу үйлдэл нь “хайр энэрлийнх нь төлөө Эзэнд талархагтун” гэж Дуулал 107-р бүлэгт бичигдсэнчлэн байх учиртай. Нөгөө талаас та амжилтаа бодон сэтгэл зовниж байгаа бол энэ нь таны биш харин Бурханы хариуцах зүйл гэдгийг санаарай. Танд юу хэрэгтэйг Бурхан мэднээ. Зөв цаг болон үр дүн нь Бурханы гарт бий.

ДУУЛАЛ 107:31-38

Энэрэл хайрынх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө
ЭЗЭНд талархагтун!
Тэд бас ард түмнүүдийн цуглаанд
Түүнийг өргөмжилж,
Ахмадуудын чуулаанд
Түүнийг магтаг.
Тэрээр гол мөрнүүдийг цөл,
Усан булгуудыг улайдмал шороо,
Шимтэй газрыг хужиртай болгодог нь
Тэнд оршин суугчдын ёрын муугаас болдог юм.
Цөлийг усны цөөрөм,
Тэрээр хагсмал газрыг усны булгууд болгодог.
Тэнд өлссөн хүмүүсийг суулгадаг бөгөөд
Тэднээр оршин суугчидтай хот босгуулан
Талбайд тариа тариулж,
Үр жимс арвинтай ургацыг хураалгахын тулд
Усан үзмийн талбай байгуулуулдаг.
Машид олшруулахаар тэднийг бас ерөөдөг бөгөөд
Мал сүргийг нь ч Тэрээр эс хорогдуулдаг.

1САМУЕЛ 24:7

7Давид ингэж өгүүлээд хүмүүсээ ятган, Саул уруу дайрахыг тэдэнд зөвшөөрсөнгүй. Саул ч босож, агуйгаас гарч, замдаа гарав.

 

Бурхан Даниелийг санаа зовнилоос аварсан

 

Бусад хүмүүс ч таны ажлын талбар дээрх санаа зовнилын үндэс болох үе бий. Тэд найдваргүй байж, таныг гонсойлгох юм уу таны ажилд саад болж магадгүй. Эсвэл тантай шууд дайсагнасан харилцаатай дарга, хамтран ажиллагч байж болох юм. Таны ажлын талбар дээрх санаа зовнилын эх үүсвэр бусад хүмүүс байвал та яах вэ?

Библид Даниел ажлын талбар дээрээ ийм хүнд байдлыг даван туулдаг. Түүний дарга нь ууртай сагсуу хүн байжээ. Хамт ажиллагсад нь Даниелийг унагахыг тасралтгүй оролдоно. Харин Даниел яасан бэ? Тэр хамтран ажиллагсдынхаа башир явуулгыг өшөө авалтаар хариулаагүй. Харин Даниел ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийсээр байсан юм. Тэрээр “урьд хийж байсан ёсоор өдөр бүр” үргэлжлүүлэв (Даниел 6:10). Тэр өрөөндөө орж залбирдаг байв. Тэр Бурханд талархаж, Бурханаас тусламж хүссэн юм.

Даниелийн залбирал түүнийг хэцүү байдалд орохоос зайлуулаагүй юм. Залбирсан хэрнээ Даниел арслангийн нүхэнд хаягдсан. Бурхан Даниелийн сорилтыг сайнаар ашигласан юм. Даниел эсэргүүцэлтэй тулгарсан ч итгэмжтэй байсны ачаар шүтээн шүтдэг байсан хаан нь Даниелийн Бурханыг магтан алдаршуулсан. Түүнтэй сөргөөцөлдсөн хүмүүс байсан ч Даниел Персийн эзэнт улсад амжилтад хүрсэн билээ.

Мөн Бурхан Даниелийг санаа зовнилоос аварсан юм. Даниел өөрөөсөө шалтгаалах зүйлсээ хийж, очих ёстой газраа очиж, залбирч, Бурханд талархаж, Бурханы тусламжийг гуйж байсан. Харин Бурхан Даниелийг анхааран халамжилж, ажлын байран дах амжилтыг өсгөжээ.

Хэрэв танд дайсагнасан хамтран ажиллагсад, удирдлага байгаа бол Бурханаас тусламж гуйгаарай. Хамтран ажиллагсдынхаа төлөө залбираарай. Өшөө авах юм уу тэдний түвшин луу бүү хазай. Ажилдаа ирж, өөрөөс шалтгаалах ажлаа хамгийн сайнаар хийгээрэй. Одоогийн нөхцөл байдалдаа юунд Бурханд талархах талаар бодоорой. Танд дургүй хүнд ч гүн сэтгэгдэл үлдээх итгэл танд байж магадгүй шүү.

ДАНИЕЛ 6:10-11

Тэрхүү албан бичиг захирамжид гарын үсэг зурсныг Даниел мэдээд, дээд давхрын өрөөндөө Иерусалимын зүг харсан онгорхой цонхтой гэртээ орж, урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа өвдөг сөгдөн Бурханыхаа өмнө залбиран талархал өргөв. Тэр хүмүүс хуйвалдан ирж, Даниелыг Бурханыхаа өмнө залбирч, гуйж байхыг олж харав.

 

Таны ажлын үр дүн танаас бүрэн шалтгаалахгүй

 

Толь бичигт санаа зовнил нь тодорхойгүй байдал, хяналтгүй байдлаас шалтгаалдаг гэж бичжээ. Хэрэв энэ үнэн бол таны санаа зовнил таны ажлын байдаг л нэг хэсэг байж болно.

Хэн ч ирээдүйгээ тодорхой мэдэж чадахгүй. Зөвхөн Бурхан л мэдэж байгаа биз ээ. Мэдээж та ажил дээрээ чухал үүрэг хариуцлага хүлээж байгаа. Та тодорхой бус байдлыг тооцож, өрсөлдөөний талаар аль болох их мэдээлэлтэй байх ёстой байх. Гэвч эцэст нь таны мэдэх зүйлс болон ирээдүйд болох зүйлсийн хооронд асар том зөрүү гарах л болно. Энэ үнэн огт өөрчлөгдөхгүй. Номлогчийн Үгс номын зохиогч бичихдээ “Юу тохиолдохыг тэр эс мэдэх тул хэрхэн энэ нь тохиолдохыг хэн түүнд хэлж чадах билээ?” (Номлогчийн Үгс 8:7) гэжээ.

Энэ нь магадгүй таны ажлын санаа зовнилын эх үндэс байж болох ч бас тайвшрал нь ч байж болох. Таны ажлын үр дүн танаас бүрэн шалтгаалахгүй учраас өөрийн чадах бүхнээ хийгээд үр дүнг нь Бурханд орхих эрх чөлөө танд бий. Номлогчийн Үгс номын бичээч “Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн.” (Номлогчийн Үгс 9:10) гэжээ. Хэдийгээр таны ажлын үр дүн таны хяналтаас гадуур байгаа ч та сэтгэлээ ажилдаа бүрэн зориулж ажиллах боломжтой.

Та ажлынхаа үр дүнг Бурханд даатгаснаар ажилдаа улам сэтгэл хангалуун байх болно. Ажил сайхан бүтэх үед талархаж, ажил хүндхэн үед би бүхнийг захирахгүй гэдгээ мэдэж, тайван бай. Номлогчийн Үгс эцэстээ өөрийнхөө ажилд сэтгэл хангалуун байх нь Бурханы бэлэг болохоос, таны удирдлаганд байгаа хэрэг биш ээ гэдгийг хэлсэн.

Айдас, сэтгэл түгших, итгэлгүй байдал нь хүний амьдралд байдаг л зүйлс байсаар ирсэн. Библид ажлын талбар дээрх санаа зовнилыг шийдэх амар хялбар арга замыг зааж өгөөгүй. Харин библи энгийн мөртөө дагахад амаргүй “Бурханд итгэх” зам руу биднийг чиглүүлдэг. Өөрөөс шалтгаалах хамгийн сайнаа хий, ажлын үр дүнгээ Бурханд даатга.

Ажлын байран дээр хүнд хэцүү нөхцөл байдлууд тохиолдоно бас дуусгавар болно. Харин Бурхан өчигдөр, өнөөдөр мөнхөд хэвээрээ байна.

НОМЛОГЧИЙН ҮГС 8:7

Юу тохиолдохыг тэр эс мэдэх тул хэрхэн энэ нь тохиолдохыг хэн түүнд хэлж чадах билээ?

НОМЛОГЧИЙН ҮГС 9:10

Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.

 

Хэрэв та хэрхэн итгэлийн амьдралаа өсгөн хөгжүүлэх өөр олон контентуудыг https://www.unleashatwork.org/ сайтаар орж үзэх боломжтой.

Previous
Previous

Бид ажлаараа Бурханд мөргөх нь