С. Мөнгөнчимэг

CEO & Founder, Timeless LLC
(Mesgi brand)

Сугарын Мөнгөнчимэг нь эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэл худалдааны Таймлесс компанийг үүсгэн байгуулагч, Това, Мэсги брэндүүдийг хөгжүүлэгч, санаачлагч энтерпренер юм.  

Хэдийгээр багш, орчуулагчийн мэргэжил эзэмшсэн ч, ажлын гараагаа Норвегийн Тусламжийн байгууллагын Ноосон бүтээгдэхүүний өрхийн үйлдвэрлэл маркетингийн төсөлд Төслийн менежерээр эхлүүлж, ажилгүй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ноос боловсруулах сургалтанд хамруулж, улмаар бүтээгдэхүүнийг нь худалдан авч, зах зээлтэй холбож өгөх үйл ажиллагааг удирдан ажиллаж байжээ. 

Төслийн сүүлчийн үе шатуудад, тэдгээр эмэгтэйчүүд хамтаар нэгдэн бүлэг болсоноор ноос самнах тоног төхөөрөмжтэй болгоход, хэсэгчлэн төлөх журмаар зээлийн сангийн хөтөлбөр хэрэгжүүлэх,  хоршооны зохион байгуулалтанд чиглүүлж бэлтгэх зэрэг тогтвортой байдлын бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн туршлагатай.

Ийнхүү 10 гаруй жил, энэ салбарт ажилласан туршлага нь түүнд төсөл дууссан ч, тогтвортой хөгжлийн бодлогыг цаашид үргэлжлүүлэн авч явахад өөрийн компанийг үүсгэн байгуулах гол шалтгаан нөхцөл болсон. 

2007 онд Таймлесс компанийг үүсгэн байгуулж Норвеги улсын Това компанитай урт хугацааны худалдаа, үйлдвэрлэлийн гэрээ байгуулж чадсан нь ноосон бүтээгдэхүүний өрхийн үйлдвэрлэлийн цар хүрээг үйлдвэрлэлийн шатанд өргөжүүлэн хөгжүүлж, малчдын хотоос ноос бэлтгэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, экспортоор гаргах хүртэлх нэмүү өртгийн сүлжээний бүтэн циклийг амжилттай авч явах гол тулгуур суурь болжээ. Таймлесс ХХК нь 50 гаруй ажилчидтай, жилдээ 20-25000 хос эсгий шаахай үйлдвэрлэх хүчин чадалтай, экспортлогч компани юм. 

Mөнгөнчимэг нь чөлөөт цагаараа аялах, ууланд авирч, байгаль дэлхий, бүтээлийн сайн сайхныг дээрээс тольдож, сэтгэл оюуны алжаалаа тайлахыг эрхэмлэдэг.  

Previous
Previous

Next
Next