Mats Tunehag

Chairman of BAM Global
(Business As Mission)

Матс Тунехаг нь Швед гаралтай илтгэгч, зохиолч, зөвлөх бөгөөд дэлхийн талаас илүү улс оронд ажиллаж байсан. Тэрээр 20 гаруй жилийн турш Business as Mission (BAM) буюу “Зорилго бүхий бизнес” үзэл баримтлалыг дэлгэрүүлэх, BAM үзэл санааны үндэсний, бүс нутгийн болон дэлхийн хэмжээний стратегийн холбоо, санаачилгуудыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ирсэн.

2002 онд BAM-д төвлөрсөн дэлхийн анхны бодлогын судалгааны хүрээлэнг санаачлан, хамтран удирдаж, BAM-ийн талаарх Лозаннагийн баримт бичиг, BAM-ийн тунхаг бичиг (BAM Manifesto, 2004)-ийг гаргасан. 2011 онд тэрээр Жо Пламмерын хамт үндэсний, бүс нутгийн болон олон улсын 30 гаруй ажлын хэсэгтэй, илүү өргөн хүрээг хамарсан Business as Mission дэлхийн судалгааны төвийг байгуулан, одоо BAM Global-ын УЗ-ийн даргаар ажиллаж байна. Тунехаг нь мөн Лозаннийн хөдөлгөөн, BAM Global-ын хамтарсан “Цогц өөрчлөлт авчрахад баялаг бүтээлийн үзүүлэх нөлөө” (Role of Wealth Creation for Holistic Transformation) сэдэвтэй Дэлхийн зөвлөгөөнийг зохион байгуулж байв.

Тэрээр Лозаннийн хөдөлгөөн болон Дэлхийн Эвангелийн Холбоонд Business as Mission салбарын удирдагчаар олон жил ажилласан бөгөөд Business as Mission сэдвээр дэлхий даяар лекц уншдаг. Тунехаг нь Христэч үнэт зүйлд суурилсан олон улсын хөрөнгө оруулалтын сантай хамтран ажиллаж, Арабын ертөнц болон Ази тивд ЖДҮ-ийг санхүү, хүний ​​нөөц, оюуны хөрөнгөөр хангах замаар цар хүрээгээ нэмэгдүүлж, цогц нөлөө үзүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Мөн дэлхийн 120 гаруй орны 30,000 хуульчдаас бүрдсэн дэлхийн сүлжээ болох Advocates International байгууллагын ОУ-ын Зөвлөлд ажиллаж байсан. (2008-2014).

Previous
Previous

Next
Next